“ЭРЭМБЭЛЭН АНГИЛАХ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ” Сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа

eremblen angilalt1

ДЭМБ-аас 2007 онд манай улсад хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт үнэлгээ хийж, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг улам сайжруулахын тулд эрэмбэлэн ангилах яаралтай тусламжийг хэрэгжүүлэхийг ЭМЯ-д зөвлөсөн.

Үүний дагуу 2008 оны 10 сард ДЭМБ-ын мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, эрэмбэлэн ангилах яаралтай тусламжийн анхны сургагч багш бэлтгэх сургалтыг ЭХЭМҮТ-д зохион байгуулснаар тус төвийн ба хот, хөдөөгийн хүүхдийн эмч, ЭМШУИС-ийн багш нараас бүрдсэн 18 мэргэжилтэн оролцож, амжилттай зохион байгуулагдсан. ЭМЯ, ЭХЭМҮТ хамтран ханын үзүүлэн, сургалтын гарын авлагыг монгол хэл дээр хэвлүүлэх зэрэг бэлтгэл ажлыг хангаснаар 2009 оноос улс орон даяар хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч 2008 онд сургагч багшаар бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийн ажлын байр өөрчлөгдөн, өнөөгийн нөхцөлд сургалтыг нийтэд хүртээмжтэй зохион байгуулахад хүний нөөц хүрэлцэхгүй болсон байгаа тул сургагч багшийг нэмж бэлтгэх шаардлагатай болсон билээ.

Түүнчлэн 2014 оныг ЭМЯ-наас “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан эрэмбэлэн ангилах яаралтай тусламжийн сургалтыг баг, сум, өрх, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн бүх эмч нарт заах албан даалгаврыг тус төвд өгсөн. Энэхүү даалгаврын хүрээнд 2014 оны 04 сарын 08-11-ны өдрүүдэд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн сургалтын өрөөнд “Эрэмбэлэн ангилах яаралтай тусламж” сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулагдаж байна.

eremblen angilalt2

Энэ удаагийн сургалт нь хүүхдийн амьсгалын зам, амьсгал, цусны эргэлт, ухаангүй байдал, таталт, шингэн их алдалттай суулгалтыг маш богино хугацаанд үнэлж, амьсгал удирдах, судас ба ясанд хатгалт хийх, хүзүү толгойн гэмтэл авсан үед тусламж үзүүлэх, хүнд тураалтай хүүхдийн менежмент, яаралтай тусламжинд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглах зэрэг мэргэжлийн ур чадварыг сайжруулах, ямар нэгэн бичиг баримт шаардахгүйгээр яаралтай тусламж үзүүлж хэвших, ёс зүй, хандлагыг дээшлүүлэхэд зорилгоор хийгдэж байгаа юм.

Мөн хүүхдэд яаралтай тусламжийг “ABCD” зарчмын дагуу зохих ёсоор үзүүлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэх сургалтыг зохион байгуулах багш нарыг бэлтгэж байгаагаараа хариуцлагатай бөгөөд онцлог сургалт болж байна. Сургалт нь ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасгийн их эмч нар, АУҮИС –ийн Хүүхдийн анагаахын тэнхимын багш, мөн Нийслэлийн эрүүл мэндийн газрын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, БЗД, ХУД, СБД, СХД, БГД, ЧД-ийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн, хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эмч нараас бүрдсэн нийт 20 оролцогчтойгоор үргэлжилж байна.