Бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай байна.

УЭНЭШТ нь эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, эмч мэргэжилтэн бэлтгэх, болон эрдэм судлалын чиглэлд үр бүтээлтэй ажиллаж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн, гурав дахь шатлалын тусламжийг улсын хэмжээнд үзүүлдэг манай улсын шилдэг эмнэлгийн байгууллагуудын нэг болсон билээ.

Гэвч улс орон, дэлхий нийтэд сүүлийн 20-иод жилийн дотор өрнөсөн нийгэм эдийн засаг, улс төр болон байгаль орчны өөрчлөлт, өвчлөлийн бүтцийн чиг хандлага, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагын улмаас шинэ орчинд шинэ чиг үүргээр ажиллах шаардлага тулгарлаа.

Төвийн үйл ажиллагааг сайжруулах, улмаар дэлхийн жишигт нийцсэн эмнэлгийн тусламжийг эх хүүхдэд үзүүлдэг, эрдэм судлал, сургалтын үндэсний төвийн хэмжээнд ажиллах нөхцлийг бүрдүүлэх асуудал чухлаар тавигдаж байна.

Түүнчлэн УЭНЭШТ-ийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг Монгол улсын Эрүүл мэндийн сайдын Харьяа байгууллагуудын бүтэц батлах тухай 2010 оны 04 сарын 19-ний өдрийн 140 тоот тушаал, Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын дотоодын хяналтыг эрчимжүүлэх тухай 2010 оны 06 сарын 24-ний өдрийн 225 тоот тушаал, Сувилахуйн удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох тухай 2009 оны 04 сарын 24-ний өдрийн 132 тоот тушаал, 2011 онд шинэчлэгдэн батлагдсан Монгол улсын Эрүүл мэндийн тухай хууль, 2010 онд шинэчлэн батлагдсан Амаржих газрын бүтэц үйл ажиллагааны стандарт (МNS 6188-2010)” болон бусад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудад нийцүүлэх, хэрэгжилтийг хангах; засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлэх хүрээнд хийгдэж байгаа эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэлт, Эх нярайн эрүүл мэндийн стратеги (2011-2015)” болон Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй стратеги (2011-2015)”-ийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн зохион байгуулалтын орчин шаардлагатай болж байна. Ийм учир бид тус төвийн бүтцийн шинэ загварыг боловсруулж гаргалаа.

Энэхүү бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийхдээ дэлхий нийтийн жишиг хандлага, манай улсын төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлгүүдийн нийтлэг зохион байгуулалтанд ойртуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд гол анхаарлаа хандуулсан болно.

Бид энэхүү төслийг бэлтгэхдээ дараах зарчмыг мөрдлөг болголоо. Үүнд:

  1. Удирдлагын хэт босоо төвлөрсөн байдлыг задлаж, хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх бололцоо нөхцлийг бий болгох,
  2. Эмнэлгийн менежементийн орчин үеийн түгээмэл чиг хандлагыг тусгаж, илүү оновчтой үр дүнтэй ажиллах нөхцлийг бүрдүүлэх,
  3. Бүтэц бүрэлдхүүний хувьд дэлхийн олон улсад мөрдөгдөж буй шилдэг жишиг зарчмыг тусгаж өөрчлөх,
  4. Чанартай эмнэлгийн тусламж, гадаад-дотоод хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн баталгааг хангах,
  5. Эх хүүхдэд үйлчлэх үндэсний төв эмнэлгийн үзэл санааг бүтцэндээ тусгаж, дэлхийн жишгийн эрүүл мэндийн байгууллага болгон хөгжүүлэх.

Гурав. Шинэ бүтцийн төсөлд орсон зарчмын шинэ санаа өөрчлөлтүүд:

  1. Эрдэм шинжилгээний салбар, сургалт сурталчилгааны алба, гадаад харилцаа хамтын ажиллагааны үйл ажиллагааг нэг бүтцэнд оруулж, дээр нь статистик мэдээлэл зүйн алба, мэдээллийн технологийн алба, номын сан, архивтай хамтатгаж өгснөөр цаашид институтын зарчмаар ажиллах нөхцлийг бүрдүүлэв.
  2. Хүүхдийн дотрын клиник, хүүхдийн мэс заслын клиникүүдийг Хүүхдийн эмнэлэг болгон нэгтгэж дэлхий нийтээр түгээмэл мөрдөгдөж байгаа жишигт нийцүүллээ.
  3. Шинэ төслийн дагуу Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв” (ЭХЭМҮТ) нь (1) “Хүүхдийн эмнэлэг, (2) Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг хэмээх 2 төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгтэй байхаар тусгав.
  4. Тус төвийн 2 зөвлөх поликлиник, 2 үйл оношзүйн тасгуудыг дэлхийн жишиг, цаг үеийн шаардлагад нийцүүлэн нэгтгэн зохион байгуулав.

· Хүүхдийн зөвлөх поликлиникболон Үйл онош зүйн тасаг-уудыг нэгтгэж, харин дотроо үйл ажиллагааны хувьд (1) төрөлжсөн мэргэжлийн кабинетууд, (2) оношлогооны хэсэгтэй байхаар тусгав.

· Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник болон Үйл оношзүйн тасаг-уудыг нэгтгэж, үйл ажиллагааны хувьд (1) Эх ургийн анагаах ухаан судлалын хэсэг, (2) Нөхөн үржихүйн анагаах ухаан судлалын хэсэгтэй байхаар зохион байгуулав.

Поликлиник болон үйл оношзүйн тасгуудын үйл ажиллагааг ийнхүү цогц нэгдмэл болгож өөрчилснөөр үйлчлүүлэгчийг чирэгдүүлэхгүй, оношлогоо эмчилгээний асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ.

  1. Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн Жирэмсний хавсарсан эмгэг судлалын тасагболон Жирэмсний эмгэг судлалын тасаг-уудыг нэгтгэж 64 ор бүхий Эрсдэлтэй жирэмсэнг судлах тасаг; Гүйцэд нярайн тасаг болон Дутуу нярай, эрчимт эмчилгээний тасаг-уудыг нэгтгэж 65 ор бүхий Нярайн тасаг; Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасаг болон Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг-уудыг нэгтгэж 72 ор бүхий Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасаг; “Эхийн 1-р тасагболон Эхийн 2-р тасаг-уудыг тус тус нэгтгэж 12 ор бүхий Төрөх тасаг, 74 ор бүхий Төрсний дараах тасаг-ийг байгуулахаар тусгав.

Эцэст нь Дутуу төрөлтийн тасаг-ийг 25 ортой Дутуу тээлтийг судлах тасаг болгон өөрчлөв.

  1. Санхүү аж ахуй хариуцсан захирлын хэт бөөгнөрсөн, хэт олон чиглэлийн үүрэг хариуцлагын ачааллыг задалж, зарим функцийг нь оновчтой бүтцийн нэгжүүдэд шилжүүлэн хуваарилав. Тухайлбал:

· Аж ахуй, хангамж үйлчилгээ, инженер техник, цахилгаан дулаан, сантехник, барилгын засварыг хангамж үйлчилгээний алба зохицуулдаг байхаар шийдвэрлэв.

· Эмнэлгийн тусгай үйлчилгээний албадын (ариутгал халдваргүйтэл, эмзүй, нэгдсэн лаборатори, эмчилгээний хоол судлал, эмнэлгийн тоног төхөөрөмж) үйл ажиллагааг стратеги төлөвлөлт эрхэлсэн дэд захирал зохицуулахаар болсон нь туйлын оновчтой өөрчлөлт болсон гэж үзэж байна. Мөн түүнчлэн стратеги төлөвлөлт эрхэлсэн дэд захирал нь санхүү эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, маркетинг, эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг хариуцан ажиллахаар тусгалаа.

Энэхүү өөрчлөлт нь шинэ орчинд тооцоо судалгаатай ажиллах бололцоог нээж байна.

  1. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албыг клиникүүдийн бүтцээс тусад нь гаргаж, хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэх зарчимд нийцүүлэв.
  2. Тушаал, шийдвэр захирамж, үүрэг даалгаварын явц биелэлтэнд тавих хяналт, хэрэгжилтэнд өгөх үнэлгээг бодитой үр дүнтэй болгох үүднээс хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтэн-ийг, байгууллагын ил тод байдал, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах үүднээс хэвлэл мэдээллийн ажилтан-ыг тус тус ерөнхий захирлын шууд удирдлагын дор ажиллуулахаар тусгалаа.

Дөрөв. Шинэ бүтцийн ерөнхий загвар:

Эмнэлгийн нэр: Н.Гэндэнжамцын нэрэмжит Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

Алсын хараа: Эх, хүүхдийн эрүүл мэнд – Эх орны эрхэм баялаг.

Эрхэм зорилго: Монгол улсад эх, хүүхдэд эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламжийг чанарын өндөр түвшинд, үйлчлүүлэгчээ дээдэлсэн тав тухтай орчинд үзүүлж, дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээг эрхэмлэнэ.

Зорилт:

1. Улсын хэмжээнд эх, хүүхдэд нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн гурав дахь шатлалын тусламж үйлчилгээ үзүүлэх

2. Эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн дотор ба мэс заслын чиглэлээр төгсөлтийн дараах сургалт эрхлэн явуулах, салбарын тэргүүлэх эмч мэргэжилтэнг бэлтгэх

3. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр өгөөжийг дээшлүүлэн, эмч – багш – судлаачаар ажиллах зарчимд шилжих

4. Эх хүүхдийн талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг боловсронгуй болгох; эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжил арга зүйн лавлагаа тусламж үзүүлэх

5. Эмнэлгийн цалин хөлс урамшуулал, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох

6. Гүйцэтгэлд тулгуурласан санхүүжилтийн системийг нэвтрүүлэх

7. Эмчилгээ оношлогоо, үйлчилгээнд шилдэг техник хэрэгсэл, арга барил, орчин үеийн мэдээллийн технологийг нэвтрүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чадавхи чанарыг сайжруулах

8. Эмнэлгийн дотоод, гадаад хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн баталгааг дээшлүүлэх, чанарын удирдлагын шилдэг арга технологийг нэвтрүүлэх

9. Дэлхийн жишгийн эмнэлгийн тусламжийг үзүүлж, бүс нутагтаа олон улсын шаардлагыг хангасан шилдэг эмнэлгийн байгууллага болох

Шинэ бүтэц зохион байгуулалт:

1. Эмнэл зүйн хэсэг: Төрөлжсөн мэргэжлийн 2 эмнэлэг: Хүүхдийн Эмнэлэг (18 тасаг), Эх Барих Эмэгтэйчүүдийн Эмнэлэг (10 тасаг);

2. Зөвлөх поликлиник: Хүүхдийн Зөвлөх Поликлиник (төрөлжсөн мэргэжлийн 19 кабинет; оношлогооны 11 кабинет), Нөхөн Үржихүйн Зөвлөх Поликлиник (эх ургийн анагаах ухаан судлалын 11 кабинет; нөхөн үржихүйн анагаах ухаан судлалын 11 кабинет);

3. Эрдэм шинжилгээний институт (ЭШИ): А) Эрдэм шинжилгээний салбар, Б) Сургалтын алба, В) Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэсэг, Г), Мэдээллийн технологийн алба, цахим сүлжээ, холбоо, Д) Статистик мэдээлэлзүйн алба, Е) Номын сан;

4. Хүний нөөцийн алба;

5. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын алба (ЭТҮЧА);

6. Сувилахуйн алба (СА);

7. Санхүү эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн алба;

8. Хангамж үйлчилгээний алба (ХҮА): А) Төвийн аж ахуйн тасаг (Хүүхдийн эмнэлгийн ба ЭБЭЭ-ийн хэсэг); Б) Инженер техникийн тасаг (Сантехник дулаан хангамж, Цахилгаан тоног төхөөрөмжийн хэсэг) хамаарагдана.

9. Эмнэлгийн тусгай үйлчилгээний албад: Халдваргүйтгэл ариутгалын тасаг, Эмзүйн алба, Нэгдсэн лаборатори, Эмчилгээний хоол судлалын тасаг, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба;

10. Захиргааны хэсэг: Захирлын ажлын алба;

11. Төвийн удирдлагын хэсэг: Ерөнхий захирал, Удирдлагын зөвлөл, Эрдмийн зөвлөл.

Байгууллагын нэрийг солих тухайд : Улсын эх нялхсын эрдэм шинжилгээний төв гэдэг нэрийг дараах шалтгааны улмаас өөрчлөх шаардлагатай болсон юм. Үүнд:

1. Тус төв нь жирэмсэн эх, эмэгтэйчүүд болон 16 хүртэлх насны (зарим тохиолдолд 18-19 нас) хүүхдэд гуравдахь шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл нялхас (infant, newborn) гэдэгт ихэнх тохиолдолд зөвхөн 1 нас хүртэлх хүүхдийг хамруулан ойлгож байна.

2. Энэ нь тус төвийн нэрийн албан ёсны англи орчуулгатай ч нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, “State Maternal and Child Health Research Center” гэдэг нэрийг орчуулбал Улсын эх хүүхдийн эрдэм шинжилгээний төв гэхээр байна.

3. Гуравдахь шатлалын эрүүл мэндийн байгууллагууд зөвхөн манай оронд төдийгүй дэлхий нийтэд сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хослуулах үүрэгтэй байдаг бөгөөд энэ тохиолдолд заавал эрдэм шинжилгээний гэсэн тодотгол авдаггүй харин эмнэлэг, төв хэмээх нэртэй байдаг.

4. Тус төв нь эх хүүхдийн үндэсний хэмжээний, улсын хэмжээний төв эмнэлэг нь байх болно. Өөрөөр хэлбэл, эх хүүхдийн эрүүл мэндийг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төв эмнэлэг байна.

5. Албан ёсны англи орчуулга нь “National Center for Maternal and Child Health” (NCMCH, National MCH Center), харин орос орчуулга нь Национальный Центр Здоровъя Матери и Ребенка” (НЦЗМР).

Ийнхүү бүтэц зохион байгуулалтын цогц өөрчлөлт, шинэчлэлт хийснээр Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв нь эрдэм шинжилгээний салбартай; эмчилгээ тусламж үйлчилгээний хэвтүүлэн эмчлэх 2 эмнэлэг; төрөлжсөн мэргэжлийн 28 тасаг; хүүхдэд мэргэжлийн үзлэг, зөвлөгөө өгөх 19 кабинет; оношлогооны 11 кабинет бүхий Хүүхдийн зөвлөх поликлиник; эх эмэгтэйчүүдэд мэргэжлийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх эх ургийн анагаах ухаан судлалын 11 кабинет, нөхөн үржихүйн анагаах ухаан судлалын 11 кабинет бүхий Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник; 11 албатай үндэсний хэмжээний үйл ажиллагаатай төв болон зохион байгуулагдаад байна.

ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр

Зочид

1176918
ӨнөөдөрӨнөөдөр1057
ӨчигдөрӨчигдөр941
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт5195
Энэ сардЭнэ сард38017
Бүх өдөрБүх өдөр1176918

Зайн сургалт

e-learning

Тандалт судалгааны алба

11225695 1041830305846417 282075933 n

Фото

Бусад

Сэрэмжлүүлэг

Orbis

ORBIS logo.svg

orbis

orbis-logo-1

E-mail

logo mn

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676