ХАТГАЛГААНЫ ЭСРЭГ ХАМТДАА өдөрлөг зохион байгууллаа.

hatgalgaa1

Дэлхий дахинаа 2009 оноос эхлэн жил бүрийн 11 сарын 12-ны өдрийг “Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн ба гол зорилго нь уушгины хатгалгаа өвчин, сэргийлэх боломжтой хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, байгууллага хамт олны анхаарлыг хандуулах, ухуулга нөлөөллийн ажлыг эрчимжүүлэхэд оршдог.

hatgalgaa2

hatgalgaa3
2016 онд уг өдрийг “АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЦГЭЭЕ - ХАТГАЛГААНЫ ЭСРЭГ ХАМТДАА“ уриан дор дэлхий нийтээрээ тэмдэглэж байна.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн зөвлөх поликлиникт 2016 оны 11 дүгээр сарын 11-нд “Хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг угтан үйлчлүүлж буй иргэдэд зориулсан өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн зорилго нь уушгины хатгалгаа өвчны ойлголт, урьдчилан сэргийлэх талаар олон нийтийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх юм.
Уг үйл ажиллагаагаар НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй хатгалгаа, суулгалт, нярайн өвчнүүд, бага насны хүүхдийн осол гэмтэлтэй холбоотой нугалбар, постер зэргийг тараасан бөгөөд хатгалгаа өвчний өвчлөл, эндэгдлийн талаар дэлхий дахин мөн манай улсын тоо баримт, авах арга хэмжээний баримт бичгийг нэгтгэсэн баримтын хуудасыг үйл ажиллагаанд оролцогсдод тараан өглөө. Мөн интернэт орчин, нийгмийн сүлжээнд олон нийтэд хандсан уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэх, эмчлэх талаар зөвлөмж, мэдээлэл, сурталчилгааг явууллаа.
Өдөрлөгөөр ХЭ-ийн Амьсгалын эрхтэний эмгэг судлалын тасгийн сувилагч нар 150 эцэг эхчүүдэд баяжуулсан бантангийн амталгаа явуулж 130 гаруй ээжүүдэд бага насны хүүхдэд нэмэгдэл хоолыг хэрхэн бэлтгэж өгөх талаар зөвлөгөө өглөө. Мөн уушгины хатгалгаа өвчнөөс хүүхдээ хамгаалах, сэргийлэх, эмчлэх талаар 3 өртөө байгуулж гар угаалт, вакцинжуулалт, нэмэгдэл хоолны талаарх зөвлөгөөг эцэг эхчүүдэд өглөө.

Сургалт, сурталчилгааны алба