“Эрүүл мэнд - Эрхэм баян” иргэдийн индэрийн 9 дэхь удаагийн хаалтын хэлэлцүүлэг боллоо

img big 0269

Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарын санаачлагаар “Эрүүл мэнд-Эрхэм баян” иргэдийн нээлттэй индэр, цуврал хэлэлцүүлэг 2012 оны 4-р сараас эхлэн 8 удаа зохион байгуулагдаж, 6-р сарын 19 нд хаалтын 9 дэхь удаагийн хэлэлцүүлэг ЭМЯ-ны Мэдээлэл сургалтын төвд болов.

Нийт хэлэлцүүлгүүдийн явцад сайдын зөвлөхүүд, эрдэмтэд судлаачид, эмч мэргэжилтнүүд, эрүүл мэндийн иргэний нийгмийн байгууллагууд, эрүүл мэндийн мэргэжлийн салбар зөвлөлүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирж, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа тодорхой асуудлуудыг хөндөн санал бодлоо уралдуулсан юм. Долоо хоног бүрийн Пүрэв гарагийн 16.00 – 18.00 цагт болж байсан эдгээр хэлэлцүүлэг тус бүрийг Эрүүл мэндийн сайдын зөвлөхүүд хариуцан зохион байгуулж, зөвлөх тус бүр тухайн хэлэлцүүлгийн сэдвээр цөм илтгэл бэлтгэн асуудлыг гарган тавьж, оролцогчдын дунд хэлэлцүүлгийг өрнүүлж байв.

Нийт 8 удаагийн хэлэлцүүлэгт давхардсан тоогоор 1100 орчим хүн оролцож, 120 гаруй хүн асуулт асууж, санал бодлоо илэрхийлсэн байна. Мөн хэлэлцүүлэг бүрт зориулан санал авах хайрцагуудыг төв болон дүүрэг, өрхийн эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төвүүдэд ажиллуулж, үйлчлүүлэгчдээс санал цуглуулан авч, судлан хэлэлцүүлгийн дүгнэлтэд нэгтгэн ажиллав.

Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтүүдийг салбарын үйл ажиллагаанд ажил хэрэг болгон тусгаж, аль болох шуурхай хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлэн ажиллаж байна. Тухайлбал:

Хэлэлцүүлэг 1: Эрүүл мэндийн сайдын Нийгмийн эрүүл мэндийн зөвлөх, академич П.Нямдаваа “Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд” сэдвээр явуулсны үр дүнд:

  • Зоонозын халдварт өвчний үндэсний төв байгуулах,
  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв байгуулах зэрэг асуудлыг Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд оруулахаар тогтсон байна.

Хэлэлцүүлэг 2: Эрүүл мэндийн сайдын Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан зөвлөх доктор, профессор Б.Батсэрээдэнэ “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар юунаас эхлэх вэ?” сэдвээр явуулж:

  • Хэд хэдэн эмнэлэг илтгэгчийг урьж хамт олондоо лекц уншуулж, тусламж үйлчилгээний чанарыг өөр өөрийн байгууллага дээр хэрхэн сайжруулах талаар хамт олноороо хэлэлцсэн байна.
  • Мөн Өвөрхангай аймгийн БОЭТ долдугаар сард лекц уншуулахаар уриад байна.

Хэлэлцүүлэг 3: Эрүүл мэндийн сайдын Эмнэлгийн анхан шатны тусламжийн асуудал хариуцсан зөвлөх Б.Оргил “Эмнэлгийн анхан шатны тусламжийн чанар, хүртээмж” сэдвээр явуулж:

  • ЭМАШТ-ыг хөгжүүлэх Үндэсний бодлого боловсруулаад байна.

Хэлэлцүүлэг 4: Эрүүл мэндийн сайдын Эрүүл мэндийн салбарын санхүүжилтын асуудал хариуцсан зөвлөх Д.Чимэддагва “Эрүүл мэндийн салбарыг санхүүжилт, даатгалын тогтолцоо” сэдвээр явуулсны үр дүнд эмч, эмнэлгийн ажилтны цалин урамшууллыг ажлын үнэлгээ, үүрэг хариуцлага, мэргэшлийн онцлогтой уялдуулан шинэчлэн тогтоох ажлыг эхлүүлж, ЗГ-ын тогтоолууд гараад байна. Үүнд:

  • “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам батлах тухай Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 150 тоот тогтоол гарч, тогтоолоор баталсан журмын 1.5-д ”Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д орсон ажил, албан тушаалыг хашиж байгаа эрүүл мэндийн ажилтан, эх барих -эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, хүүхэд, нярайн эмч болон сувилагчид тухайн ажил, албан тушаалыг хаших хугацаанд нь үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдлийг сар бүр олгохоор болсон. Тогтоолын журмын 1.6-д зааснаар Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн ажилтанд Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшлыг эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг харгалзан, үндсэн цалингийн 10-15 хувиар сар бүр тооцож, улирал тутам олгох болсон байна.
  • “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл хөлс олгох тухай” Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 151 тоот тогтоол батлагдаж, тогтоолоор төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтан алсын болон төрөлжсөн мэргэжлийн дуудлагаар явж эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн бол түүнд тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 15 хувиар тооцож, дуудлагаар явсан тохиолдол бүрт нэмэгдэл хөлс олгохоор заасан.
  • “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 152 тоот тогтоолоор “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал зэрэглэл”-ийн “Удирдах албан тушаалтай дүйцүүлэн жиших мэргэжлийн албан тушаал” гэсэн хэсгийн ТҮЭМ – 6 зэрэглэлд “Улсын клиникийн болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн тасгийн эрхлэгч” гэж, ТҮЭМ-5 зэрэглэлд “Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн нэгдэл, аймгийн зэрэглэлтэй хотын нэгдсэн эмнэлэг, тэдгээртэй адилтгах байгууллагын тасгийн эрхлэгч” гэж нэмж оруулсан.

Эдгээр тогтоолууд Эрүүл мэндийн салбарт 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Түүнчлэн энэ удаагийн хэлэлцүүлгээр Өрхийн эрүүл мэндийн төвийг хөгжүүлэх зорилгоор:

  • Төрийн албан хаагчийн цалин 2012 оны 2 дугаар сарын 1-нээс 80,0 мянган төгрөг, 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 23%-иар нэмэгдсэнтэй холбогдуулан өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнд ногдох санхүүжилтийн хэмжээг Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2012 оны 193/136 тоот хамтарсан тушаалаар Өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнээр тооцсон санхүүжилтын хэмжээг шинэчлэн баталсан. Уг тушаал нь 2 хавсралттай бөгөөд 2012 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөх хэмжээг нэгдүгээр хавсралтаар, 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөх хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж мөрдөж эхлээд байна. Уг тушаал хэрэгжихэд 2012 онд 17,1 тэрбум төгрөг, 2013 онд 22,2 тэрбум төгрөгөөр өрхийн эмнэлгийн санхүүжилт нэмэгдэнэ.

Хэлэлцүүлэг 5: Эрүүл мэндийн сайдын Эрүүл мэндийн боловсрол хариуцсан зөвлөх Л.Одончимэд “Эрэлтэд нийцсэн дээд мэргэжилтэн бэлтгэх хамтын ажиллагаа” сэдвээр явуулж:

  • ЭМШУИС-ийг өөрийн сургалтын түшиц клиникийн эмнэлэгтэй болгох,
  • ЭМШУИС-ийн клиникийн дадлагыг клиникийн эмч нараар удирдуулж, дадлагын хичээлийн хөлсийг тэдэнд олгодог болох,
  • Хүний их эмч бэлтгэдэг бүх сургуулийн сургалтын стандарт хөтөлбөрийг нэг бодлогод зангидаж, аль ч сургуулийн төгсөгч төрийн болон хувийн бүх шатлалын эмнэлэгт ажиллах эрхтэй болох
  • Хичэээлийг ямар хэл дээр заах, сурах бичгийг ямар хэлээр бичих талаар нэгдсэн шийдвэр гаргах,
  • Өвчний оношийг ямар хэлээр бичих асуудлыг нэгдсэн журмаар зохицуулах,
  • Улaмжлалт анагаах ухааны үндсийг нарийвчлан судлах. Орчин үеийн анагаах ухаан уламжлалын арга барилыг зөв хослуулж, Монголын анагаах ухааны өвөрмэц сургалтын арга зүйг бий болгож, “Монгол эмч” бэлтгэн гаргах,
  • Их, дээд сургуульд элсэгчдэд тавих шаардлагыг өөрчлөх зэрэг асуудлыг судалж, тодорхой шийдвэр гаргахаар ажиллаж байна.

Хэлэлцүүлэг 6: Эрүүл мэндийн сайдын Эмийн бодлого хариуцсан зөвлөх С.Цэцэгмаа “Эмийн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал” сэвдээр явуулж:

  • Эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны бие даасан байгууллагатай болох
  • Сангийн яамтай хамтран эмийн төсвийн зарцуулалтанд судалгаа хийх, шаардлагатай эмийн төсвийн зардлыг тодорхойлж, цаашид даатгалаар хөнгөлөлттэй олгох,
  • Олдоц муутай эмийн хангалтыг хуулийн хүрээнд шийдвэрлэх,
  • Эмнэлгийн хэрэгсэл, урвалж, оношлуурын төсвийг эмийн төсвөөс салган төсөвлөх замаар төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Хэлэлцүүлэг 7: Эрүүл мэндийн сайдын Уламжлалт анагаах ухааны асуудал хариуцсан зөвлөх Ш.Болд “Уламжлалт анагаах ухааны хөгжил” сэдвээр явуулж:

  • Уламжлалт анагаах ухааны зонхилон тохиолдох өвчний ангилалыг батлах тухай 2011 оны 326 дугаар тушаалын хавсралтыг шинэчлэх зорилгоор Ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна.
  • Уламжлалт анагаах ухааны үндэсний төв байгуулах үндэслэл, зорилго, зорилтууд, хэрэгжүүлэх арга, хүлээгдэж буй үр дүнгийн талаар төсөл боловсруулж байна.
  • Уламжлалт анагаах ухааны эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг шинэчлэх Ажлын хэсэг байгуулагдаад байна.

Хэлэлцүүлэг 8: Эрүүл мэндийн сайдын Эрүүл мэндийн боловсрол хариуцсан зөвлөх Л.Одончимэд “Эрүүл мэндийн боловсрол, иргэдийн оролцоо” сэдвээр явуулж:

  • Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох нэгдсэн хөтөлбөрийг дахин боловсруулж, стандартыг тогтоон мөрдүүлэх
  • Эрүүлийг хамгаалахын бүх шатны эмнэлэг, нийт үйлчлүүлэгчид, өвчтөнд эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг нэгдсэн журам бий болгох
  • Хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж байгаа эрүүл мэндийн сурталчилгаа, зөвлөмжинд хяналт тавьдаг болох
  • Иргэн Даш нарын санаачилсан иргэдэд эрүүл мэндээ хамгаалах мэдлэг чавдар олгох сурталчилгаа мэдээлэл, бизнесийн танхимыг ажиллуулахад тусалж дэмжих
  • Төрийн өмчийн бүх спорт заал, танхимыг харьяаллын оршин суугчдад үнэ төлбөргүй чийрэгжүүлэх төв болгон ашиглах төрийн шийдвэр гаргах
  • Биологийн нэмэлт тэжээл, эмчилгээний эмийн ургамлыг хянах тогтолцоо бий болгох
  • Эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг ТББ-ын хүчийг авч ашиглах, бодлого чиглэл гаргаж хамтран ажиллах
  • Рашаан ус байгалийн нөөцийг иргэний эрүүл мэндийг дээшлүүлэхэд зөв кохистой ашиглах бодлого гаргах чиглэлээр ажиллаж байна.

Зочид

1177206
ӨнөөдөрӨнөөдөр1345
ӨчигдөрӨчигдөр941
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт5483
Энэ сардЭнэ сард38305
Бүх өдөрБүх өдөр1177206

Зайн сургалт

e-learning

Тандалт судалгааны алба

11225695 1041830305846417 282075933 n

Фото

Бусад

Сэрэмжлүүлэг

Orbis

ORBIS logo.svg

orbis

orbis-logo-1

E-mail

logo mn

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676