Хүүхэд өртөж болзошгүй ахуйн осол, гэмтлээс сэргийлэх зөвлөмж

Хүүхэд өртөж болзошгүй ахуйн осол, гэмтлээс сэргийлэх зөвлөмж

•           Гал тогооны өрөөг хүүхэд бэртэж, гэмтэхээргүй, аюулгүй болгох. Жишээ нь, хүүхдийг халуун зууханд ойртохоос сэргийлэх, халуун зуухан дээр байгаа хоолны саванд хүүхэд хүрэхээргүй болгох, цахилгаан зуух, халуун тогоо зэрэг шууд түлэгдэж болохуйц эд зүйлсээс аль болох хол байлгах, гар хүрэхгүй газар байрлуулах, бага насны хүүхдийг галын дэргэд ганцааранг нь орхихгүй байх, гал түлж, хоол хийлгэхгүй байх, хоол хийж байх үед галаас хол байлгах, чүдэнз, лаа, керосин зэрэг шатдаг шингэнээс аль болох хол байлгах

•           Цахилгаан зуух, данх,  индүү зэрэг нь хэдийгээр цахилгааны эх үүсвэрээс салгасан байлаа ч хөртлөө нилээд уддаг гэдгийг мартаж болохгүй. Хоол идэх үедээ халуун хоолыг ширээний голд, хүүхэд хүрэх боломжгүй газар тавих шаардлагатай. Ширээний бүтээлэг хэрэглэх шаардлагагүй, учир нь хүүхэд түүнийг татаж, халуун цай, хоолыг өөр дээрээ асгах аюултайг санах хэрэгтэй.

•      Нялх, бага насны хүүхдийг гол, булаг, савтай ус, усны ойролцоо хараа хяналтгүй хэзээ ч орхихгүй байх (хүүхэд 10 см-ийн гүн усанд живэх магадлалтай). Хүүхэд 2 хүрэхгүй минутад живэх эрсдэлтэй тул ваннанд орж байхдаа ч маш бага хэмжээний усанд  живэх магадлалтай.

•       Хортон шавьжтай тэмцэх хор, бэлдмэл, угаалгын бодис, шингэн, бусад химийн бүтээгдэхүүнийг сайтар таглаж, шошго зүүх хэрэгтэй. Шургуулга, тээшний саванд хийж сайтар түгжих эсвэл хүүхэд хүрэхгүй, нүдэнд нь тусахгүй газар тавиур дээр тавина. Хүүхэд андуурч уух магадлал өндөр тул керосин, бензин, бусад химийн бодисыг хэзээ ч ундааны сав, лааз, жимсний чанамлын шил, аяганд хийж  хадгалахгүй байх.

•           Бүх төрлийн эм, химийн бодисыг (шахмал, шингэн) өөрийнх нь саванд байлгаж, сайтар таглаж лацдан, хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалах, Хэрэв боломжтой бол хортой бодис агуулж буй савнуудыг хүүхэд онгойлгож чадахааргүй тагаар таглах

•           Зам хөндлөн гарахдаа хүүхдээ хөтлөх, бага насны хүүхдийг тэвэрч өргөж явах

•           Хүүхдээ машинд авч явахдаа өөрийнх нь нас, жинд тохирсон зориулалтын суудал дээр суулгах ёстой. Хүүхдийг байнга арын суудалд суулгаж сургах хэрэгтэй.

•           Машин нь хүүхдэд тохирсон хаалганы түгжээстэй байх ба хүүхдийг машины цонхоор толгойгоо цухуйлгах, гараа гадагш гаргахыг хатуу хориглох хэрэгтэй.

•           Гэрт байгаа цахилгааны утас, залгуур, розеткийг далдлах, таглах, хэрэглээгүй цахилгаан хэрэгслийг унтрааж, салгах, цахилгаан утаснуудын бүрэн бүтэн байдлыг шалгаж, утас нь ил гарсан байвал түүнийг солих, цахилгааны залгуур руу хуруу, бусад зүйлсийг хэзээ ч хийж болохгүй гэдгийг хүүхдэд сургах.

•           Иртэй, хурц үзүүртэй хутга, хайч, хагарсан шил зэрэг зүйлсийг хүүхэд хүрэхгүй газар байлгах, шургуулга, цоожтой шүүгээнд хадгалах

•           Шилэн лонхыг бага насны хүүхэд хүрэхээргүй газарт тавих, хүүхдийн тоглох газарт хагарсан шил, хог хаягдалгүй байлгах, гэр ахуйн хог хаягдлыг аюулгүй зайлуулах

•           Хүүхдийг бүтэхээс сэргийлэх үүднээс гялгар уутыг бага насны хүүхдийн гар хүрэхээргүй газарт тавих

•           Хор хөнөөлтэй байж болзошгүй амьтнаас хүүхдийг хол байлгах, хүүхэд амьтантай хамт байхад хараанаасаа гаргахгүй байх, дөлгөөн ааштай гэрийн тэжээвэр нохой хүртэл бага насны хүүхдэд аюул учруулж болзошгүй гэдгийг ямагт санах

•           Гэнэтийн цочрол /шок/ нь ямар нэг хүнд гэмтлийн үед, ялангуяа их хэмжээний цус алдах, хүнд түлэгдлийн үед гардаг тул хүүхэд шоконд орсон бол яаралтай түргэн тусламж дуудах.

•           Хүүхдийг унаж, ноцтой бэртэхээс сэргийлэх, жишээ нь, аюултай  зүйл рүү авирч болохгүйг хүүхдэд хэлж сургах, хүүхдийг шат, тагтны ойролцоо тоглохыг хориглох, хэрвээ ингэж тоглохоор бол ойроос харж харгалзах, ор, хүүхдийн ор, хөлд оруулагч, бусад нярайн хэрэгсэл дээр хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, хүүхдийн тавилгыг цонхноос хол байлгах, бага насны хүүхдийн анхаарлыг татах тоглоом, бусад зүйлсийг хэт өндөр дээр тавихгүй байх, шүүгээ, тавиур зэрэг хүнд тавилгыг ханатай сайтар бэхэлж өгөх

•           Хахахаас сэргийлэх, хүүхэд тоглодог, унтдаг газарт товч, шүр, шаар, балны таг, зоос, үр, самар зэрэг жижиг зүйлсийг хадгалахгүй байх,  хүүхдийн хоол хүнсийг зажилж залгихад хялбар байлгах үүднээс жижиглэн хэрчих, нухах, газрын самар, хатуу чихэр, жижиг ястай эсвэл үртэй хоол хүнс зэрэг хахаж болзошгүй зүйлийг бага насны хүүхдэд хэзээ ч өгч болохгүй.

 

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676