Хүүхдийн эмнэлэгт хэрхэн үзүүлэх вэ?

ХҮҮХДИЙН ЗӨВЛӨХ ПОЛИКЛИНИКООР ҮЙЛЧЛҮҮЛЭХ

Та хөтөч сувилагчид хандан, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна.
• Хөтөч сувилагч танд товлол авах дугаарыг олгоно.
• Таны авсан дугаарыг дуудахад та бүртгэл мэдээллийн ажилтан дээр очиж үйлчлүүлэх кабинетын цагийг авна.
• Авсан цагийнхаа дагуу эмчид үзүүлнэ. Тухайн кабинетын үүдэнд үйлчлүүлэгчдийн мэдээлэл гарч байгааг анхаараарай.
• Та ямар мэргэжлийн эмчид үзүүлэхээ мэдэхгүй байгаа бол эрэмбэлэн ангилах тусламж үзүүлэх эмчид хандаарай.
• Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч таны хүүхдэд 10-15 минутын хугацаа зарцуулж, өвчний явц, хүүхдийн зовиурыг асууж тодруулах ба үзлэг хийнэ. Улмаар онош тодруулах, шинжилгээ, эмчилгээ бичих, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг хийнэ.
• Шаардлагатай бол эмнэлэгт хэвтүүлэхээр илгээнэ.
• Шаардлагатай бол ЭХЭМҮТ-д мөрдөгддөг оношилгоо, эмчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамжийг үндэслэн, диспансерын хяналтанд авна.
• Диспансерын хяналтанд орсон үйлчлүүлэгч эмчийн зааврын дагуу хяналтын сувилагчид хандан, дараа үзүүлэх цагаа товлоно.
• Хяналтын давтан үзлэгийн товлолыг Мягмар, Пүрэв гарагуудад 14.00 цагаас хойш олгоно.

ХҮҮХДИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСГААР ҮЙЛЧЛҮҮЛЭХ

А. Эрэмбэлэн ангилалт яаралтай тусламжийн зарчмыг мөрдөнө
• Үйлчлүүлэгчийн биеийн байдал хүндэрсэн, амь тэнссэн байдалтай үед нас харгалзахгүйгээр яаралтай тусламж үзүүлнэ.
• Үйлчлүүлэгч Яаралтай түргэн тусламж - 103, Хүүхдийн зөвлөх поликлиникийн эмчийн илгээсэн хэвтүүлэх бичгээр үйлчлүүлнэ.
• Үйлчлүүлэгчийг тус тасгийн эрэмбэлэн ангилах хэсгийн сувилагч хүлээн авч, эрэмбэлэн ангилсны дараа хүүхдийн амин үзүүлэлтийг хэмжин, холбогдох мэдээллийг авна.
• Үйлчлүүлэгчид улаан, шар, ногоон өнгөөр ялгасан тэмдэг бүхий хуудсын аль нэгийг эрэмбэлэн ангилалтын сувилагч олгоно.
Үүнийг та дараах байдлаар ойлгоорой!

“Улаан өнгө” Хүүхдийг яаралтай тусламжийн өрөөнд шууд оруулан зохих яаралтай тусламж үзүүлж эхэлнэ. Таны хүүхдийн биеийн байдал хүндэрсэн, яаралтай тусламж нэн даруй шаардлагатай болсон байна.

“Шар өнгө” Таны хүүхдийг дугаарлан байгаа хүүхдүүдийн өмнө оруулан эмчид үзүүлнэ, шаардлагатай бол ажиглалтын өрөөнд оруулан ажиглана, зарим шаардлагатай эмчилгээг хийж болно. Таны хүүхдэд яаралтай тусламж шаардлагагүй, харин онош тодруулах, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх, ажиглах цаг хугацаа шаардлагатай байна. Харин таны хүүхдийн өмнүүр “улаан өнгө”-тэй хүүхдэд тусламж үзүүлнэ гэдгийг та ойлгон үйлчлүүлээрэй.

“Ногоон өнгө” Таны хүүхдэд дугаарын дагуу үйлчилнэ. Одоогоор таны хүүхдийн амь насанд аюултай шинж тэмдэг байхгүй байна. Харин таны хүүхдийн өмнүүр “улаан өнгө”, “шар өнгө”-тэй хүүхдүүдэд тусламж үзүүлнэ гэдгийг та ойлгон үйлчлүүлээрэй.
• Онош эргэлзээтэй тохиолдолд холбогдох шинжилгээг хийнэ. ЭХЭМҮТ-ийн Нэгдсэн лабораторийн яаралтай шинжилгээ, хэт авиан болон рентген шинжилгээ 24 цагийн үйлчилгээтэй.
• Олон улсын дүрмээр зохицуулагддаг халдварт өвчний сэжигтэй тохиолдолд “тусгаарлах өрөө”-нд тусгаарлан, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ.

Б. Яаралтай тусламжийн тасагт эмч таны хүүхдэд үзлэг хийж дуусаад дараах шийдвэрийн аль нэгийг гаргана. Үүнд:
1. Хүүхдийн биеийн байдал маш хүнд бол тохирох эрчимт эмчилгээний тасагт (“Нярайн эрчимт эмчилгээний тасаг”, “Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг”, “Хүүхдийн мэс заслын эрчимт эмчилгээний тасаг”) хэвтүүлнэ.
2. Хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж шаардлагатай бол зохих тасагт (дотрын тасгууд, мэс заслын тасгууд) хэвтүүлнэ.
3. Хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн 3 дах шатлалын тусламж шаардлагагүй бол харъяа дүүргийн эмнэлэгт хэвтүүлэхээр илгээнэ.
4. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй бол эмчилгээ, асаргаа, сувилгааны болон хэзээ яаралтай эмч, эмнэлэгт хандах зөвлөгөө өгнө.

ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙН ЛАВЛАХААР ҮЙЛЧЛҮҮЛЭХ

• Хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх мэдээлэл
• Эмнэлгийн тасаг, нэгжийн байрлалын мэдээлэл
• Эргэлтийн үйлчилгээний мэдээллийг тус тус авах болно.

Хүүхдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээ:
• Хүүхдийн эмнэлгийн хүүхдэд үзүүлж буй дээрх тусламж үйлчилгээ бүгд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676