Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгт хэрхэн яаж үзүүлэх вэ ?

Үйлчлүүлэгч та Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн эмчид үзүүлэхээр ирэхдээ дараах хувийн бэлтгэлийг хангасан байх шаардлагатайг анхаарна уу. Үүнд:

Хэрэв эмэгтэйчүүдийн асуудлаар үзүүлэх бол:

• Иргэний цахим үнэмлэхээ авчрах
• Үйлчлүүлэгчийг Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар хотын харьяа дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эмчээс ЭХЭМҮТ-д илгээсэн 13 А маягттай байх
• Үйлчлүүлэгч амбулаторийн карттай байх
• Үйлчлүүлэгч нь хүчин төгөлдөр эрүүл мэндийн даатгалын дэвтэр /тухайн сар хүртэл бөглөгдсөн байх/-тэй байх
• Үйлчлүүлэгч нь Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн “Бүртгэл мэдээллийн хэсэг”-ээс үйлчлүүлэх товлолт цаг авсан байх
• Хийгдсэн шинжилгээний хариуг авчрах
• Товлол авсан цагтаа хоцролгүй ирэх

Хэрэв жирэмсэн болон төрөх эмэгтэйчүүдийн асуудлаар үзүүлэх бол:

• Иргэний цахим үнэмлэхээ авчрах
• Үйлчлүүлэгчийг Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар хотын харьяа дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эмчээс ЭХЭМҮТ-д илгээсэн 13А маягттай байх
• Онош, шинжилгээ, жирэмсний хяналтын явцыг жирэмсний хяналтын эмчээр бүрэн бөглүүлсэн жирэмсний солилцох хуудастай байх.
• Солилцох хуудас аваагүй, жирэмсний хугацаа 32 долоо хоногоос бага бол жирэмсний хяналтын эмчийн илгээх хуудсыг авчрах
• Жирэмсэн эмэгтэйн жирэмсэн үедээ үзүүлж байсан амбулаторийн картыг авчрах
• Хувийн бэлтгэлийг хангасан байх
• Үйлчлүүлэгч нь дээрх зүйлсийг бүрдүүлэн, НҮЗП-ийн “Бүртгэл мэдээллийн хэсэг”-ээс үйлчлүүлэх товлолт цаг авсан байх

НӨХӨН ҮРЖИХҮЙН ЗӨВЛӨХ ПОЛИКЛИНИКООР ҮЙЛЧЛҮҮЛЭХ

• Та хөтөч сувилагчид хандан, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна.
• Хөтөч сувилагч танд товлол авах дугаарыг олгоно.
• Таны авсан дугаарыг дуудахад та бүртгэл мэдээллийн ажилтан дээр очиж үйлчлүүлэх кабинетын цагийг авна.
• Авсан цагийнхаа дагуу эмчид үзүүлнэ. Тухайн кабинетын үүдэнд үйлчлүүлэгчдийн мэдээлэл гарч байгааг анхаараарай.
• Жирэмсний хяналтын болон эмэгтэйчүүдийн эмч танд 10-15 минутын хугацаа зарцуулж, өвчний явц, зовиурыг асууж тодруулах ба үзлэг хийнэ. Улмаар онош тодруулах, шинжилгээ, эмчилгээ бичих, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг хийнэ.
• Шаардлагатай бол эмнэлэгт хэвтүүлэхээр илгээнэ.
• Шаардлагатай бол ЭХЭМҮТ-д мөрдөгддөг оношилгоо, эмчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамжийг үндэслэн, диспансерын хяналтанд авна.
• Диспансерын хяналтанд орсон үйлчлүүлэгч эмчийн зааврын дагуу хяналтын сувилагчид хандан, дараа үзүүлэх цагаа товлоно.

ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСГААР ҮЙЛЧЛҮҮЛЭХ

А. Эрэмбэлэн ангилалт яаралтай тусламжийн зарчмыг мөрдөнө.

• Үйлчлүүлэгчийн биеийн байдал хүндэрсэн, амь тэнссэн байдалтай үед яаралтай тусламж үзүүлнэ.
• Үйлчлүүлэгч Яаралтай түргэн тусламж - 103, Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн эмчийн илгээсэн хэвтүүлэх бичгээр үйлчлүүлнэ.
• Үйлчлүүлэгчийг тус тасгийн эрэмбэлэн ангилах хэсгийн эх баригч хүлээн авч, эрэмбэлэн ангилсны дараа үйлчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хэмжин, холбогдох мэдээллийг авна.
• Үйлчлүүлэгчид улаан, шар, ногоон өнгөөр ялгасан тэмдэг бүхий хуудсын аль нэгийг эрэмбэлэн ангилалтын эх баригч олгоно.
Үүнийг та дараах байдлаар ойлгоорой!

“Улаан өнгө”- Үйлчлүүлэгчийг яаралтай тусламжийн өрөөнд шууд оруулан зохих яаралтай тусламж үзүүлж эхэлнэ. Үйлчлүүлэгчийн биеийн байдал хүндэрсэн, яаралтай тусламж нэн даруй шаардлагатай болсон байна.

“Шар өнгө”-Үйлчлүүлэгчийг дугаарлан байгаа үйлчлүүлэгчдийн өмнө оруулан эмчид үзүүлнэ, шаардлагатай бол ажиглалтын өрөөнд оруулан ажиглана, зарим шаардлагатай эмчилгээг хийж болно. Тухайн үйлчлүүлэгчид яаралтай тусламж шаардлагагүй, харин онош тодруулах, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх, ажиглах цаг хугацаа шаардлагатай байна. Харин “улаан өнгө”-тэй үйлчлүүлэгчид дугаар харгалзахгүй тусламж үзүүлнэ гэдгийг та ойлгон үйлчлүүлээрэй.

“Ногоон өнгө”-Үйлчлүүлэгчид дугаарын дагуу үйлчилнэ. Одоогоор тухайн үйлчлүүлэгчийн амь насанд аюултай шинж тэмдэг байхгүй байна. Харин “ногоон өнгө”-тэй үйлчлүүлэгчийн өмнүүр “улаан өнгө”, “шар өнгө”-тэй үйлчлүүлэгчид тусламж үзүүлнэ гэдгийг та ойлгон үйлчлүүлээрэй.
• Онош эргэлзээтэй тохиолдолд холбогдох шинжилгээг хийнэ. ЭХЭМҮТ-ийн Нэгдсэн лабораторийн яаралтай шинжилгээ, хэт авиан болон рентген шинжилгээ 24 цагийн үйлчилгээтэй.
• Олон улсын дүрмээр зохицуулагддаг халдварт өвчний сэжигтэй тохиолдолд “тусгаарлах өрөө”-нд тусгаарлан, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ.

Б. Яаралтай тусламжийн тасагт эмч танд үзлэг хийж дуусаад дараах шийдвэрийн аль нэгийг гаргана. Үүнд:

1. Таны биеийн байдал маш хүнд бол эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлнэ.
2. Төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж шаардлагатай бол зохих тасагт (Эрсдэлтэй жирэмсэн судлалын тасаг, Дутуу тээлт судлалын тасаг, Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасаг) хэвтүүлнэ.
3. Танд төрөлжсөн нарийн мэргэжлийн 3 дах шатлалын тусламж шаардлагагүй бол харъяа дүүргийн эмнэлэг, амаржих газарт хэвтүүлэхээр илгээнэ.
4. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй бол эмчилгээ, асаргаа, сувилгааны болон хэзээ яаралтай эмч, эмнэлэгт хандах зөвлөгөө өгч, гэрт нь буцаана.
5. Жирэмсэн эхийн төрөх үйл явц эхлээгүй бол эмч шаардлагатай шинжилгээ (ургийн хэт авиан шинжилгээ, ургийн бичлэг гэх мэт) хийж, дүгнэлт гарган, хэзээ яаралтай эмч, эмнэлэгт хандах зөвлөгөө өгч, гэрт нь буцаана.

ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛГИЙН ЛАВЛАХААР ҮЙЛЧЛҮҮЛЭХ

• Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх мэдээлэл
• Эмнэлгийн тасаг, нэгжийн байрлалын мэдээлэл
• Эргэлтийн үйлчилгээний мэдээллийг тус тус авах болно.

Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээ нь:

• Жирэмсэн болон төрөх эхчүүдэд үзүүлж буй дээрх тусламж үйлчилгээ бүгд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.
• Харин эмэгтэйчүүдийн асуудлаар хэвтэн эмчлүүлэх бол Эрүүл мэндийн даатгалын хувьсах зардлын 15%-ийн төлбөр төлнө.

orbis

orbis-logo-1

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676