ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН АЛБА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 70 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН АЛБА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 70 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсад Хүүхдийн мэс заслын алба үүсэж хөгжсөний түүхт 70 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хүүхдийн эрүүл мэндийн төлөө мэдлэг, ур чадвар, сэтгэл зүрхээ зориулан ажилласан үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хөдөлмөр, зүтгэлийг хүндэтгэж, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр Монгол Улсын Төрийн шагналт, Ардын эмч, Хүний гавьяат эмч, Клиникийн профессор, зөвлөх эмч Д.Авирмэд багшийн шүлгээр бүтсэн “Мэс засалчийн дуу” шинэ уран бүтээлийг хүргэлээ. Уг бүтээл нь Хүүхдийн мэс заслын албаны 70 жилийн түүх, үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хөдөлмөр, зүтгэлийг бэлгэдсэн бүтээл юм.

Мөн хүүхдийн мэс заслын тусламж, үйлчилгээг чанартай, тасралтгүй хүргэж, салбарынхаа хөгжилд хувь нэмэр оруулж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудад мэргэжлийн нийгэмлэг, сан, төрийн бус байгууллагуудын нэрэмжит шагналыг гардууллаа.

Өнөөдрийн хүндэтгэлийн арга хэмжээний бас нэг чухал хэсэг нь Монголын Үндэсний Бөхийн Холбооны дэмжлэгээр тохижуулсан сургалтын танхимын нээлт байлаа. Тус танхимд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, семинар, мэргэжил арга зүйн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах боломж бүрдэж байна. Ингэснээр хүүхдийн мэс заслын тусламж, үйлчилгээний хөгжилд шаардлагатай сургалт, мэргэжлийн үйл ажиллагааг зохион байгуулах орчин сайжирч байна.

Сургалтын танхимыг тохижуулахад дэмжлэг үзүүлсэн Монголын Үндэсний Бөхийн Холбоо болон хамтран ажилласан нийт байгууллага, хамт олондоо талархал илэрхийлье.

Хүүхдийн мэс заслын албаны 70 жилийн түүхийг бүтээлцсэн үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан та бүхэндээ тун удахгүй болох түүхт 70 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Категориуд