“ЭХИЙН НОЦТОЙ ХҮНДРЭЛ, ЭНДЭГДЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” СЭДЭВТ ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д 2030 он гэхэд эхийн эндэгдлийн харьцааг 100,000 амьд төрөлтөд 15 болгон бууруулах зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хэрэгжилтийг дэмжих, эхийн ноцтой хүндрэл, эндэгдлийн нөхцөл байдлыг хэлэлцэх, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, ЭМС-ын А/419 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Эхийн ноцтой хүндрэл, эндэгдлийн өнөөгийн байдал” сэдэвт цахим хурлыг 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэг, Тандалт судалгаа, статистикийн алба хамтран зохион байгуулав. Хуралд Нийслэлийн эрүүл мэндийн газар, амаржих газрууд, дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд, ЭНЭҮТ, 19 аймгийн ЭМГ, БОЭТ, АНЭ, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөлөл бүхий 194 эмч, эмнэлгийн мэргэжилтэн 169 холболтоор оролцлоо.
Хурлаар ТССА-ны эх барих, эмэгтэйчүүдийн эмч А.Анужин 2022–2026 оны эхний 9 сарын байдлаарх эхийн ноцтой хүндрэл, эндэгдлийн чиг хандлагын талаар мэдээлэл өгч, Төрөх тасгийн эрхлэгч Д.Должинсүрэн “Ураг орчмын шингэний бөглөрлийн үеийн тусламж, үйлчилгээ” сэдвээр онол, эмнэлзүйн мэдээлэл танилцуулж, уг хүндрэлээс шалтгаалах эхийн эндэгдлээс урьдчилан сэргийлэх асуудлыг хэлэлцүүллээ.
ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Б.Батсайхан 2026 оны эхний 9 сард эхийн ноцтой хүндрэл өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн болон ураг орчмын шингэний бөглөрлийн шалтгаант эхийн эндэгдэл гарч байгаад анхаарал хандуулж, эмч, эх баригч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, эрсдэлийг эрт таних, хүндрэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг, туршлагаа хуваалцаж, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг онцлов.
Тус цахим хурал нь эхийн ноцтой хүндрэл, эндэгдлийн тандалтын мэдээллийг эрүүл мэндийн байгууллагуудад хүргэх, эмнэлзүйн тулгамдсан асуудлыг хэлэлцэх, эхийн эндэгдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэргэжлийн хамтын ажиллагааг дэмжсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Цахим хуралд идэвхтэй оролцож, санал бодол, туршлагаа хуваалцсан нийт эмч, эх баригч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье