МАН: Хаврын чуулганыг ирэх сарын 3-нд хаахаар төлөвлөж байна

МАН: Хаврын чуулганыг ирэх сарын 3-нд хаахаар төлөвлөж байна

МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал:

-УИХ-ын 2026 оны хаврын чуулганыг ирэх долдугаар сарын 03-ны завсарлуулахаар урьдчилан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Нэгэнт хаврын чуулган өндөрлөх хугацаа дөхчихсөн учраас УИХ-ын түвшинд хэлэлцэгдэж байгаа хуулиудаа хэлэлцэн батлахтай холбоотойгоор эрэмбэ дараа тогтоож, гол хуулиудаа нааш татан хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна. Ингэснээр улс орны нийгэм, эдийн засгийн байдлыг сайжруулах мөн Засгийн газраас УИХ-д өргөн барих ёстой 2027 оны улсын төсөв гэх мэт цаг хугацаатай асуудлуудаа боловсруулахад суурь үндэс нь болох хуулиудаа хаврын чуулганы хугацаанд батлах юм. Энэ үүднээс өнөөдрийн бүлгийн хуралдаанаар эдгээр хуулийн төслүүдийг авч хэлэлцлээ.

Тухайлбал, бизнесийн эрх чөлөөг хангахтай холбоотой багц хууль бий. Энэ хуулийн хаврын чуулганы хугацаанд батлах хэрэгтэй. Ингэж байж баялаг бүтээгчдээ, ААН-үүдээ, бизнес эрхлэгчдээ бүрэн дэмжих, тодорхой хэмжээний төрийн саад, хүнд суртлыг арилгах боломж бололцоог бүрдүүлнэ.

Хоёрдугаарт, татварын дөрвөн хуулийг батлах шаардлага байна. Ингэснээр иргэд, бизнесийн байгууллагуудын нуруун дээрх татварын ачааллыг бууруулах, амаргүй байгаа цаг үед тодорхой хэмжээний татварын орлогыг иргэдээ үлдээж, амьдралын чанарыг нь дээшлүүлнэ.

Өмнө нь та бүхэнд хэлсэнчлэн энэ хууль батлагдсанаар 2.2 их наяд төгрөгийн татварын ачааллыг бууруулах юм.

Гуравдугаарт, нийгмийн даатгалтай холбоотой асуудал байна. Үндсэндээ энэ хуулийн үзэл баримтлалын хүрээнд зохицуулж байгаа суурь харилцаануудаа хадгалаад, хэлэлцүүлгийнх нь түвшинд бүлгийн гишүүд байр суурь нэгтэйгээр дэмжээд энэ хаврын чуулганаар батлуулахаар саналд хүрлээ.

Ингэснээр тэтгэвэр нэмэгдэх бололцоо бүрдэнэ. Түүнчлэн тэтгэврийн зөрүүг арилгахад дэмжлэг болно. Мөн олон жил ажиллаж байгаа, НДШ төлөгчдийг урамшуулсан эрх зүйн зохицуулалтыг хийх боломж бүрдэнэ. Түүнчлэн цаашид олон жил НДШ тогтвортой төлөх үйл явцыг урамшуулахад чиглэсэн тодорхой зохицуулалтыг нэмж тусгасан заалтууд орж байгааг онцолж хэлмээр байна.

Категориуд